Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дарга болох сайхан
2017 оны 4 сарын 13 [Уншсан тоо: 58135]

Би Ардчилсан маягын монгол улсын иргэн. Манай улс бүх нийтээрээ сонгууль өгж төрийн эрх барьдаг мэт харагддаг ч ихэнхдээ амлалт бэлэн мөнгө тараалтыг нь харж байгаад саналаа өгдөг бөгөөд хэрэв бидний санал дарга нарт таалагдахгүй бол тэд өөрсдийн хүссэн хүнийг сонгосон гэж зарладаг гэж сонссон билээ. Ямар ч байсан энэ нь зарим нэг ардчилсан гэхээр юм түй ч байхгүй сир этр гэсэн улсын дэргэд хамаагүй сайн зүйл билээ. Энэ мэтчилэн бидэнд ололттой сайн талууд их байна.

Ийм сайхан ардчилсан маягын улсад би зүгээр ажлаа хийгээд мөрөөрөө цалин аваад аятайхан амьдраад болно гэсэн бодолтойгоор амьдарч ирлээ. Гэтэл энэ маань харьцангуй гэнэн маанаг шахуу бодол болхыг олж харлаа. Би угаасаа маанаг маягын хүн. Гэхдээ би нэг юмыг ойлголоо. Ингэж амьдарч тэсэхгүйнээ болий одоо. Байнгын мөнгөөр гачигдаж бусдыг харж атаархаж явж ханалаа. Цалингаас цалингын хооронд явж арай гэж амьдрах энэ бол амьдрал бишээ.

Тиймээс би ерөнхийлөгчтид нэрээ дэвшүүлж байна. Би дарга нар шиг сайхан амьдармаар байна. Би гэнэт их мөнгөний орлого олж үнэтэй машин унаж тансаг хаусанд амьдармаар байна. Дарга гэдэг ажил хийж хэвлэлээр яриа өгж цалингаа хэдийг авдагаа тоохгүй амьдармаар байна. Мөнгөө дансандаа мартаж энд тэндээс элдэвийн сэтгүүлчид гаргаж ирхийг хармаар байна. Ганц нэг толгой өвдөхөд улсын мөнгөөр гадаад явж эмчлүүлмээр байна. Үр хүүхдээ ажилд оруулж үнэ төлбөргүй гадаадад сургамаар байна. Бусдын хүүхэд сурах гэж хичээж байхад дарга нарын хүүхдүүд шиг хайнгадуухан сурж үнэтэй хувцас өмсөж ууж идсэн хүүхэдтэй байж үзмээр байна.

Элдэв ирстрааны вип өрөөнд уулзалт хийж улс орны хэмжээний асуудлыг зохицуулж баймаар байна. Зохицуулалтын хөлс энд тэнд миний хамаатнуудын нэр дээр шагнал болон орж ирмээр байна. Офшоор данстай байснаа улайн барин хэвлэлээр тайлбарламаар байна. Ард түмнийхээ төлөө хэрхэн нойр хоолгүй ажиллаж байгаагаа уйлаад ярьмаар байна. Хэвлэлийн хурал зарлаж уран цэцэн үгээр улс орныхоо хөгжилийг удирдан чиглүүлж байгаагаа ярьмаар байна. Чадахгүй юмгүй болж уран нугархаас эхлээд уртын дуу дуулж тэрийг минь тойрон хүрээлэгчид амаа олохгүй магтан сайшааж би хөөрөн баясмаар байна. Өглөө оройгүй намайг дагдаг хүмүүс ихсэж тэдэнд миний унгас хүртэл өндөр үнэтэй үнэртэй уснаас илүү тансаг үнэртэхийг хармаар байна.  Миний тухай завгүй магтан чалчиж аав эхнэрээ ч миний төлөө сольж чадах хүмүүстэй болмоор байна. Миний хийсэн үйлдэлийг зүүдэлж түүнийгээ билэгшээж бөгсийг минь долоох амь сүрэгтэй болмоор байна. Миний гарт хүрчээд үххэд гомдолгүй боллоо гэх царай хармаар байна.

Өглөө замын түгжрэлд ажилдаа хоцрон ажилаасаа халагдах олон зуун хүнтэй замыг хаалгаад голоор нь хоосон замаар сүнгэнтэл давхих тэр жаргалыг мэдэрмээр байна. Улсын мөнгөөр гадаад явж үнэтэй буудалд орж казино тоглож буудалдаа архидаж торгуулж байсан ч төлбөр нь хэд гарж байгаа нь надад хамаагүй байхыг үзмээр байна. Гадаадын төрийн тэргүүнтэй уулзаж түүний юу ярьж байгаа нь биш түүнтэй гар барин зурагаа авхуулах гол гээд зогсмоор байна. Улсад түрүүлсэн азаргыг унаж клип хийлгэмээр байна.

Ажлаасаа буугаад хаан ширээ үг гэдэг ном бичиж түүнийгээ зурагтаар ярьмаар байна. Алтны уурхай дээр очиж пиджаакныхаа энгэрт алтны үртэс наамаар байна. хувийн зурхайчтай болж ирээдүйгээ зөгнүүлмээр байна. гэртээ улсын алдартай болгоныг урьж зурагаа авхуулмаар байна. Ганцхан шинэ жилийн шөнө үг хэлдэг юм шиг тийм сайхан ажилгүй байж үзмээр байна. Наадмаар хүмүүс бороонд норж наршиж суухад өөрийн мяндагтнуудтайгаа сүүдэрт суугаад өөрийн хүчийг мэдэрмээр байна. Туг тойрч дэвсэн ч яадын ер нь.

Миний хэлэх үгийг бэлдэж хийх юмыг хийж надад хэн ч тушаахгүй хэн ч заахгүй өөрийн тааллаар бүх юманд оролцож үзмээр байана. Таалалд нийцэхгүй байгаа хүнийг толгой дохиж ажлаас нь халж бүүр даварвал шоронд оруулах эрхтэй баймаар байна. Төрийн байгууллага бүр миний зургыг тавьж дарга бүрийн зурагны ард гармаар байна. Дарга нар гар барьсан зургаараа гангарч бусдад гайхуулдаг болсоор байгааг харж мушиймаар байна.

Иргэд сонгогчидтой аав мэт харьцаж ганц удаа албаар хуушуур идхэд л ард түмний нэг гэж хайрлагдамаар тийм тасархай амьдармаар байна. Их хурлын гишүүдийг загнаж намын дарга нартай уулзаж хэнийг дарга болгох эс болгохыг шийдэж дургүй хүргэснүүдийн идэж уусныг илчилж шороотой нь хутгамаар байна. энэ бүхэнд зүтгэсэн нөхдөө элчин болгож гадаадад төрийн мөнгөөр амьдрах боломжоор шагнаж нэг насны мөрөөдлийг биелүүлмээр байна.

Хэрэв та бүхэн намайг дэмжиж надад санал өгвөл би ерөнхийлөгч шиг ерөнхийлөгч байж энэ бүгдийг зайлшгүй хийнэ гэдээ амлаж байна. Угаасаа би болохгүй байсан ч хэн нэгэн хийнэ бид ийм л тогтолцоотой. Хэн ч болсон ийм л болно. Тэхээр намайг ийм л болгочих хэн ч алдах юмгүй шүү дээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив